Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ: тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм.
Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Дашрамд дурдахад эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг.
2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна.
Юуны өмнө Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч та бүхэндээ “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл зүрх, зорилго хүчээ нэгтгэн, эв эеэ эрхэмлэж хамтран зүтгэсээр ирсэн намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ үйл хэрэг, үйлс зорилго тань өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг ерөөе.
Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн.
Энэ хугацаанд бид хамтдаа олон сонгуулийн ялалтын ард гарч, намын шинэчлэлийн бодлогуудыг бодит ажил болгон хэрэгжүүлсэн. Уухайлан дэмжиж, хамтдаа ялалтад хөтөлсөн эрхэм журмын нөхөд, эгэл жирийн намын гишүүддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Хэдийгээр намын үйл хэрэг, бодлого, хөтөлбөрүүд олон нийтийн зүгээс олон талаар шүүмжлэл дагуулж ирсэн ч эдгээр шүүмжлэлийн цаана бодит институцийн доголдол, тогтолцооны асуудлууд оршиж байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
Бид 1990 оноос хойш нээлттэй, олон намын тогтолцоонд шилжсэн боловч 30 хүрэхгүй жилийн дотор хоёр нам ээлжилж засгийн эрх барьдаг тогтолцоо бүрэлдсэн. Үүний улмаас нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, төрийн бодлого тогтворгүй хэрэгжих нөхцөл байдал бий болсон.
2016 оны сонгуулиас хойш улс эх орныг эрдэмтэн судлаач, мэргэжлийн боловсон хүчинд тулгуурлан хөгжүүлж, залж явах шаардлагатай гэж дүгнэж, намаа бодлогын дэвшилтэт үзэл санаа бүхий институци болгон төлөвшүүлэх зорилгоор залуу боловсон хүчнийг элсүүлэн дэмжиж ажилласан. 2020 оны сонгуулиар нийгмийн олон бүлэг, сегментийн төлөөллийг парламентад бүрэн оруулж чадаагүй ч энэхүү бодлого тасралтгүй үргэлжилж, үр дүн нь 2024 оны сонгуулиар бодитоор илэрсэн.
Ганц намын давамгайлал нь дарангуйлал үүсгэх эрсдэлтэйг ухамсарлаж, парламентийн ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн олон бүлгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, баялагын сангийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг батлах зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд улс төрийн намууд 20 жилийн дараа ойлголцолд хүрч, Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. 2024 онд 126 гишүүнтэй парламентын анхны сонгууль болж, 5 нам эвсэл, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаач, инженер, мэргэжлийн төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөлөл парламентад орж ирсэн бөгөөд нийт гишүүдийн 80 хувь нь шинэ гишүүдээр бүрдсэнээр төрийн бодлого боловсруулах үйл явц илүү өргөн хүрээнд явагдаж эхэлсэн. Мэдээж, шинэ тогтолцоонд алдаа, дутагдал бий, бүрдсэн баг, бүрэлдэхүүнд сул талууд ч байгаа. Гэвч эдгээр нь цаг хугацааны явцад засагдаж, сайжирч, улам бүр бэхжинэ.
Шинээр бүрдсэн парламентын 4 жилийн стратеги, цаашлаад парламентын хөгжлийн суурь зарчим болох Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийг хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг дэвшүүлэн, эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгосон.
Эдгээр бодлогын шинэчлэлүүд нь хожим Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө хийсэн зөв алхам байсан хэмээн дурсагдана гэдэгт итгэлтэй байна.



































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































